Эдийн засгийг энгийнээр
Эдийн засгийг энгийнээр: Хэрэглээний Үнийн Индекс (ХҮИ)
Үнийн түвшний өсөлт, инфляцийг тооцохдоо хэрэглээний сагсыг ашигладаг. Үндэсний Статистикийнх Хороо (ҮСХ)-ноос айл өрхүүдийн хэрэглээг судалсны үндсэн дээр өргөн хэрэглээний барааны сагсын бүтцийг тодорхойлдог. Өнөөгийн байдлаар Монгол улсын хувьд улсын хэрэглээний сагсанд 329 төрлийн бараа, үйлчилгээ багтдаг байна. Энэ сагсан дахь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг түүний хэрэглээнд эзлэх жингээр үржүүлээд нэмснээр хэрэглээний үнийн индекс (ХҮИ) гардаг. ХҮИ-ийн өөрчлөлт нь инфляцийг хэмжих нэг хэмжүүр юм.
Үнэ өсөх тусам тогтмол төсвөөр бага бүтээгдэхүүн худалдаж авахад хүргэдэг. Тухайлбал, 2017 оны 3-р сарын 8-ны өдрийн байдлаар I сагс дахь барааг 42,000 төгрөгөөр авч байна гэж үзье. Хэрэв бараа бүтээгдэхүүний үнэ 30%-иар өсвөл хэрэглэгч энэ төсвөөр өндөг алимаа авч чадахгүйд хүрнэ. 2 жил дарааллан ингэж өсвөл 42,000 төгрөгөөр авах сүү, элсэн чихэр, будаа, луувангийнхаа талыг танаж, байцаагаа хассан III сагсны барааг авах юм.
Жишээ 1. 42,000 төгрөгийн төсвөөр худалдаж авах багц
Улс орнуудын хувьд хамгийн чухалд тооцогдох статистикийн нэг бол ХҮИ юм. ХҮИ гэдэг нь хэрэглэгчдийн худалдан авч байгаа бараа, үйлчилгээний дундаж үнийн өөрчлөлт юм. Монгол улсад өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний бараа үйлчилгээг 12 бүлэгт ангилж хэрэглээний сагсаа бүрдүүлдэг. Жишээ нь, хүнсний бараа, ундаа ус, тээвэр, цахилгаан, ус гэх мэт.
Өөрөөр хэлбэл ХҮИ-г тооцоход ашиглагдах хэрэглээний сагст бидний өдөр тутам идэж ууж, хэрэглэдэг талх, сүү, өндөг, мах, машиндаа хийх шатахуун, утасны төлбөр зэрэг бараа үйлчилгээнүүд багтдаг юм.
Жишээ 2. ХҮИ тооцох хялбаршуулсан жишээ
2000 оныг суурь он гэж үзээд, суурь оны ХҮИ ямагт 100 байна. Тус жишээнд сагсаа хялбаршуулсан байдлаар 2 төрлийн өргөн хэрэглээний бараа болох талх, сүүгээр бүрдүүллээ. Тухайн хэрэглээний сагсны ХҮИ-г бодохдоо одоогийн сагсаа суурь ондоо хуваагаад 100-аар үржүүлнэ. 2000 онд сагс нийт 709 төгрөг, ХҮИ 100 (суурь он учраас) байсан бол 2001 онд нийт сагс 845 төгрөг, ХҮИ 119.1 болж өөрчлөгджээ. Үүнийг энгийнээр тайлбарлабал 2000-2006 оны хооронд инфляци 19%-иар өссөнөөр, 2000 онд 709 төгрөг байсан ижил төрлийн барааг 2001 онд 845 төгрөгөөр худалдаж авахаар байна.
Бэлтгэсэн: С.Амгаланбаяр (Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн)